Бүр тодруулбал, эрдэмтэд хас тэмдгийн жинхэнэ утга учрыг үг зүй, хэлбэр дүрс, логик сэтгэхүй, шашны философи, физикийн ухаан зэрэг олон талаас нь судлан тайлбарладаг. Жишээ нь, хас гэдэг үг нь “хоёр хос” гэсэн утгатай үг аж. Тиймээс хас тэмдэг хосын бэлгэдэл, санаа зорилгыг илэрхийлдэг байна. Нөгөө талаар хас тэмдэг нь мөнөөх хоёр тэмдгийн гайхамшигтай уран нийлбэр загвар болох нь илт анзаарагддаг. Үүнд уран сайхны амт таашаалыг шингээгээд зогсохгүй ертөнцийн зүй тогтол, түүний тухай гүнзгий төсөөлөл, арга билгийн ухааныг тусгасан байдаг. Хас тэмдэгний загварт ертөнцийн тогтмол болон хувьсан өөрчлөгдөх хөдөлгөөнт чанарыг нэгэн зэрэг илэрхийлсэн ба энэ нь ертөнц өөрөө хосолмол шинжтэй гэдгийг энгийн бөгөөд тодорхой илэрхийлсэн байдаг. Хас тэмдэг нь ямар ч нарийн төсөөлөл, онолыг загварчилж болдог онцгой чанартай. Физик болон космологийн шинжлэх ухааны шинэ ололтыг ч мөнөөх хас тэмдгээр тайлбарлаж болдог аж. Тухайлбал, ертөнц анх цэг байж гэдгээс үүнийг тайлбарлаж болно.
Энэ цэгийн соронзон хүчний үйлчлэлээр сансар огторгуйд зүг чиггүй тэнүүчлэх тоосонцорууд нэгдэн нийлж, бидний амьдарч буй дэлхий үүссэн гэдэг. Харин үүслийн явцад ертөнцөд дөрвөн хүч үйлчлэх болсон гэдгийг дээрх шинжлэх ухааны судалгаа баталдаг. Хас тэмдгийн цацраг шугам хугардгийг ертөнцийн дөрвөн хүч тогтмол цаг хугацаанд өөрчлөгдсөнийг заах магадлалтай болохыг физикчид үгүйсгэдэггүй юм. Түүнчлэн буддизмд хас тэмдгийг нирваан дүрийг олж гэгээрсэн хүнийг төлөөлдөг ч гэж үздэг байна. Уулзвар цэг нь хүн, түүний амьдрал, дөрвөн үзүүр нь ирээдүйд бурхны орон, тамын орон зэрэг дөрвөн оронд төрөх боломж, харин нугарсан цацраг шугам нь гэгээрсэн хүнийг төлөөлдөг ажээ. Манай дэлхий хий, ус, шороо, гал гэсэн дөрвөн махбодиос бүрдэх агаад тэднийг хэмжвэл хамгийн их нь хий, бага нь ran махбодь гэнэ.
Тэгвэл сав ертөнцийг бүрдүүлэгч дөрвөн мах бодийг хас хээгээр төлөөлүүлдэг бас нэгэн ёс байна. Нөгөө талаар хас тэмдгийг “язгуур, үндэс, үнэнийг илэрхийлэгч” гэж үздэг. Энэ дүрс нь ертөнцийн махбодийн үүсгэн бүрдүүлэгч хүч чадал, сүнс сүлдний оршин ахуй байх нь логик сэтгэлгээний гадуур буюу дээгүүр байх чанар, ертөнцийн мөнхийн хөгжил эргэлт хөрвөл, эсрэг тэсрэгийн зөрчил тэмцлийн уран загвар гэж ойлгож болох юм. Хэдийгээр дээрх тайлбаруудаас хас тэмдэг монгол үндэстний өв соёл болох нь тодорхой боловч германчуудын бэлгэ тэмдэг гэж ойлгож хүлээн авах хүмүүс байж болох юм. Тиймээс үүнд дахин тайлбар хийх хэрэгтэй байх. Хүний үүсэл, гарлын тухай Германы “язгуур үнэнийг” илэрхийлнэ гэсэн эртний домогт хүн төрөлхтөн анх говьд үүссэн гэж үздэг. Энэ домогт германчуудын өвөг дээдэс аричууд их говьд амьдарч байгаад гэнэтийн нэгэн их сүйрлийн улмаас хэдэн хэсэг хуваагдан тарсан аж. Үүнийг одоогийн үндэстэн ястнуудын үүсэл, хүний хөгжлийн язгуур үндэс хэмээн тэд үздэг. Тиймээс ч уг домогт үндэслэж тэд хас тэмдгийг зээлджээ.
Гэвч жинхэнэ үнэн гэвэл манай эриний эхээр бидний өвөг болох хүннүчүүд баруун зүг дайлан нүүхэд германчуудын өвөг дээдэс болох готууд холбоотон нь болж угтан уулзах үедээ тэднээс хас тэмдэг бас бус соёлын өв болохоор зүйлсийг зээлдэн авсан тухай ч бас ярьдаг. Хуучны баруун гэгдэх Германы Мюнцингенд Хүннү нарын удирдагчид Аттилла хааны хөшөөг босгосон нь ч бас үүнтэй холбоотой юм. Эдгээрээс харахад хас тэмдэг нь яахын аргагүй монголчууд бидний соёлын өв болоод зогсохгүй, хорвоо ертөнц түүний эргэх хөдөлгөөн болон хүн болоод ертөнц хоорондын шүтэлцээ, аливаа зүйлсийн үүсэл гарал, үржил хөгжил, өсөн дэвжих, баяжин дээшлэх, хөгжлийн үндэс суурь болсон манай соёлын үнэт өв мөн юм. Тийм болохоор өөрийн соёлын их өвийн нэг болох энэ билэгдэлт тэмдгээ ад үзэж, хялайх бус харин ч учир утгыг нь ойлгон ухаж, хүндлэн тахиж баймаар санагдана.